"Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайлангаа чанартай гаргаж хэвшицгээе 2015" сэдэвт хагас өдрийн сургалтыг ОҮИТБС-ын тайлан гаргагч төрийн байгууллагуудад 2 сарын 12-ны өдөр Татварын ерөнхий газрын хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтанд Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Газрын тосны газар, Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын алба, Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар, 11 аймаг, 4 дүүргийн татварын хэлтэс, 8 аймаг, 7 дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн 40 гаруй албан хаагчид оролцлоо.
Сургалтын зорилго Монгол Улсын ОҮИТБС-ын 2012, 2013 оны аудиторын тулган баталгаажуулалтын дүнгээр дунд, түүнээс доош үнэлгээ авсан, тайлангийн зөрүү ихтэй төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудад Санаачилгын зорилго, ач холбогдолын талаар үндсэн ойлголт өгөх, цахим тайлагналын системийг танилцуулах, аудитын тулган баталгаажуулалтаар зөрүүтэй мэдээлэгддэг гол татвар, төлбөрүүдийг танилцуулж, тэдгээрийг зөв бүртгэх, мэдээлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, оролцоог идэвхжүүлэхэд оршиж байв.
Сургалтаар Сангийн яам, Татварын ерөнхий газар, Улаанбаатар аудит корпораци ХХК, иргэний нийгмийн Төлсөн авснаа нийтэл эвслийн гишүүн Хөвсгөл далайн эзэд ТББ, ОҮИТБС-ын ажлын албаны холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, оролцогч нарын зүгээс цахимаар тайлан явуулах, хандив, дэмжлэгийг хэрхэн бүртгэж, мэдээлэх талаар лавлаж байлаа. Сургалтын хөтөлбөр, материал, гарын авлагыг дараах холбоосоор татаж авна уу.
Сургалтын хөтөлбөр
Илтгэлүүд
Цахим тайлангийн гарын авлага