Байгалийн баялгийн засаглалийн хүрээлэнгээс 2025 оны 12 сард
"Эрчим хүчний шилжилтийг урагшлуулах нь
Монгол Улсын амлалтууд ба ОҮИТБС-ын үүрэг" сэдэвт судалгааны ажлыг Н. Дорждарь, Н. Золжаргал хийж гаргажээ. Судалгаагын ажлыг дараах линкээр орж үзнэ үү.
https://eitimongolia-my.sharepoint.com/:u:/g/personal/subcouncil_eitimongolia_mn/IQAeFPuCCrV8Qo2cuTka3UBcAXnTA1CAb-93BG2NvcXL3q0?e=H8ShuM
Судалгааны тайлангийн тойм
Монгол Улс эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон улсын түвшинд амлалт өгсөн хэдий ч бодит хэрэгжилт, засаглалын уялдаа, мэдээллийн ил тод байдлыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай шатанд ирээд байна. Уул уурхай, эрчим хүчний салбар нь эдийн засгийн гол тулгуур хэвээр байгаа боловч нүүрснээс хэт хамааралтай бүтэц, нэмүү өртөг шингээх боломж хязгаарлагдмал, байгаль орчин-нийгмийн эрсдэл өндөр хэвээр байна.
Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд цэвэр тэг ялгаралттай болох зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, салбар хоорондын ялгарлыг бууруулах арга хэмжээнүүдийг төлөвлөсөн ч бодлогын баримт бичгүүд хоорондын уялдаа сул, хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл тархай байдалтай байна. Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц боломж (нар, салхи) бодитоор ашиглагдаж эхэлсэн ч одоогийн үйлдвэрлэл, системийн бүтэц нь нүүрсэнд тулгуурласан хэвээр байна.
Эрчим хүчний шилжилт нь зөвхөн эрчим хүчний салбараар хязгаарлагдахгүй, чухал ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, дэд бүтэц, төрийн өмчит компаниудын засаглал, төсвийн татаас, ирээдүйн орлогын таамаглал зэрэг өргөн хүрээний асуудлыг хамарч байна. Зэс, уран, газрын ховор элемент зэрэг шилжилтийн ашигт малтмалын эрэлт өсөж буй нь Монгол Улсад эдийн засгаа төрөлжүүлэх бодит боломж боловч бодлогын тодорхой байдал, ил тод тайлагнал чухал хэвээр байна.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) нь эрчим хүчний шилжилтийн талаарх бодлого, амлалт, хэрэгжилтийн хоорондын “холбогч гүүр” болох боломжтой. Шинэчлэгдсэн ОҮИТБС-ын стандарт нь бодлого, татаас, гэрээ, лиценз, үйлдвэрлэл, экспорт, төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалт, уур амьсгалын эрсдэлийн талаарх мэдээллийг ил тод болгохыг дэмжиж байна. Гэсэн хэдий ч одоогийн тайлагналд эдгээр мэдээлэл хэсэгчлэн, ерөнхий түвшинд тусгагдаж, системтэй дүн шинжилгээ дутмаг байна.
Иймд эрчим хүчний шилжилтийг урагшлуулахын тулд бодлогын баримт бичгүүдийг нэгтгэн харах, хэрэгжилтийн мэдээллийг ил тод, ойлгомжтой болгох, олон талт оролцогчдын хэлэлцүүлгийг өргөжүүлэх нь чухал юм. Энэ хүрээнд ОҮИТБС нь төр, компани, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлж, олон нийтэд бодитой мэдээлэл хүргэх гол талбар байх боломжтой гэж тайланд дүгнэжээ.