ГАДНЫН ОЮУТНУУД МАНАЙ КОМПАНИУДЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ СУДАЛЖЭЭ

2 сарын 02, 2021
698
ГАДНЫН ОЮУТНУУД МАНАЙ КОМПАНИУДЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ СУДАЛЖЭЭ

Канад улсын Бритиш Колумбийн Их Сургууль (БКИС)-ийн Уул уурхайн инженер, Ази, Номхон далайн бодлого судлалын магистрийн ангид суралцаж буй 13 оюутан энэ оны хавар Монгол Улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг (ОҮИТБС) судалжээ.   

БКИС-ийн Ази судлалын хүрээлэнгийн Доктор, профессор Жулиан Диркесээр ахлуулсан судлаач долоон оюутан манай улсад ирж, судалгааны үр дүнгээ танилцууллаа. 

Канадаас Монголын уул уурхайн компаниудыг судлахад хэцүү ч, тус сургуульд суралцаж буй Монгол оюутнуудын тусламжтайгаар Төрийн бус байгууллагуудтай холбогдож ихэнх судалгаагаа цахимаар авчээ. Судалгаанд нийт 40 компани оролцсон бөгөөд, үүнээс зөвхөн 16 нь судалгааны асуултад бүрэн хариулсан байна. 

Танилцуулгын үеэр БКИС-ийн Уул уурхайн инженерийн магистрийн ангид суралцаж буй оюутан Д.Дөлгөөн “Манай улсын компаниудын олборлолтын ил тод байдлын санаачилга бусад орнуудтай харьцуулахад судалгаанд оролцож буй орнуудаас шалтгаалан янз бүр байна. Тухайлбал, өндөр хөгжилтэй Норвеги болон ядуу буурай, зөвхөн газрын тосны баялгаар эдийн засгаа бүрдүүлдэг Иемин улстай манай улс эн зэрэгцэн ОҮИТБС-ыг шаардлагыг бүрэн хангаж байгаа. Ерөнхийдөө бусад улстай харьцуулахад манайх дажгүй сайн түвшинд явж байна. Яагаад гэвэл ОҮИТБС цаас, тайлан төдий биш амьдралд хэрэгжих талаасаа олон оролдлого хийж байгаа нь надад ажиглагдсан. Бид нар өнөөдөр Уул уурхайн яамны мэргэжилтнүүдтэй уулзахад хууль боловсруулах гээд эхний санаачлага нь батлагдчихсан байна. Гэхдээ зарим улсад уул уурхайг дэмжсэн хууль санаачлалгүй зөвхөн сайн дурын байдлаар үлдсэн байхад монголчууд хуульчилж хэрэгжүүлэх талаас нь хичээж байгаа нь нааштай санагдсан” гэж ярив. 

Судалгаа хийсэн оюутнууд дэлхийн бусад улс оронд ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхэд тулгардаг хүндрэл бэрхшээлүүд Монгол Улсад ч ялгаагүй байгааг хэлж байлаа. Харин Монголын компаниуд олон нийтэд хүрч, хүртээмжтэй мэдээлэл өгч чаддаггүйг онцолсон юм. Энэ байдлыг сайжруулахын тулд аудитын үйл явцыг хурдасгах хэрэгтэй аж. Доктор, профессор Жулиан Диркес багш болон оюунуудын үзэж буйгаар манай улсын аудит удаан байна. Д.Дөлгөөн “Бид нар өнөө өглөө Оюутолгойгоос ярилцлага авахад тэд тайлангаа өгдөг ч тайлан нь гаднын аудитаар ордог учир хариу хүлээн уддаг. Магадгүй аудитыг хурдасгавал мэдээлэл, тайлан нь хоцрогдохгүйгээр гарах юм болов уу” гэсэн юм. Одоогийн байдлаар ОҮИТБС-ын хэрэгжүүлж буй 44 орон буйгаас 27 нь шаардлага бүрэн хангаж байгаа аж. 

Засгийн газарт 2011 онд олборлох үйлдвэрлэл эрхэлж буй компаниудаас нийт 26.9 тэрбум төгрөгийн хандив цуглажээ. Энэ нь олборлолт явуулж байгаа компаниудаас орон нутагт өгч байгаа хандив юм. Нийт 10 хандив үзүүлэгч компанийн дөрөв нь үндэсний, дөрөв нь гадаад, хоёр нь хамтарсан хөрөнгө оруулалттай компани байгаа юм байна. 
Харин компаниудын зүгээс Засгийн газарт төлсөн төлбөр болон Засгийн газрын орлогын хэмжээний зөрүүний тухайд 2012 онд шийдэгдээгүй зөрүүний хэмжээ нийт 361 сая төгрөг буюу Засгийн газрын зүгээс тайлагнасан үндсэн төлбөрийн дүнгийн 0.2 хувьтай тэнцүү байсан аж. Дээрх төлбөрт олборлолт хийж буй тухайн компанийн улсад төлсөн бүх төрлийн татвар, хураамж орох юм. Судлаачдын үзэж буй дээрх зөрүү үүсэхэд татварын хэмжээ нь төрийн бус байгууллага, компани тус бүрээр гардаггүй, олборлох компаниудын зүгээс төлсөн төлбөрийн мэдээллийг орхигдуулах мөн компаниуд ОҮИТБС-ийн тайланг гаргах үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаан нөлөөлжээ.

Тус судалгаа нь Канад улсын Бритиш Колумбийн Их Сургуулийн оюутнууд Монголд хийж байгаа анхны судалгаа аж. Тэр дундаа, эдгээр оюутнуудын дунд дөрвөн Монгол оюутан байгаа нь манай улсын уул уурхайн чиглэлээр суралцагсад тус салбарт судалгаа хийх эхлэл болж буйг оролцогчид сайшааж байлаа. 

Манай улсад алт олборлодог компани олон байгаа ч тэднээс Засгийн газарт орж ирэх орлого нь бага байгаа аж. Харин нүүрс, зэс зэргээр олборлолт явуулж байгаа компани алтныхаас цөөн ч Засгийн газарт орж ирэх орлого нь их байгааг тайланд дурьдсан юм.

Хэрэгжүүлэгч орнуудын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрхэн хангаж буй жагсаалтыг http://eiti.org/countries эндээс харна уу.

Г.Орхон
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn сайт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд