Монголын ОҮИТБС-ын 16 дахь урьдчилсан нэгтгэл тайланг хэлэлцлээ

11 сарын 08, 2022
265
Монголын ОҮИТБС-ын 16 дахь урьдчилсан нэгтгэл тайланг хэлэлцлээ

Цар тахлын дараа анх удаа Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсгийн 60 дахь хурал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд боллоо.

Ажлын хэсгийн хурлаар ОҮИТБС-ын 2021 оны буюу 16 дахь урьдчилсан нэгтгэл тайланг СИКА компаниас таницуулсан бол 2022 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийн явц, 2023 оны ажлын төлөвлөгөөний төслийн талаар Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон оролцогч талуудад мэдээлэл өгч, санал солилцлоо.

УУХҮЯ-ны ТНБД бөгөөд ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн НБД, Ажлын хэсгийн ахлагч Б.Бямбадагва Ажлын хэсгийн 60 дугаар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ "Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт:

• 3.2.Ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ.

• Газрын тос, нүүрс-хими, зэсийн баяжмал, төмөрлөг зэрэг хүнд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, холбогдох дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлнэ.

• 3.2.6.Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно.-гэсэн зорилтууд байгаа бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэхэд Та бүхэн дор бүрнээ анхаарч, хүчин зүтгэл хэрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, ОҮИТБС-ын хүрээнд тавьсан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж чадвал Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх томоохон хувь нэмэр болох билээ.

Нөгөө талаас, 2022 оны олон улсын үнэлгээний “Баталгаажуулалт”-ын тайлангаар манай улс 70 оноо авч, өмнөх түвшингээс ухарсан нь ил тод болгох ажлыг цаашид улам эрчимжүүлэхийг шаардаж байгаа нэгэн дохио гэж хүлээн авч байна. Баталгаажуулалтаас өгсөн зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж, ОҮИТБС-ын олон улсын стандартын шаардлага бүрийг 2025 оны 1-р сарын 1-н гэхэд хангасан байхад бидний үйл ажиллагааны гол чиглэлийн нэг байх ёстой" гэлээ.

Ажлын хэсгийн хуралдаанд УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, ТЕГ, АТГ, МХЕГ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монголын Уул уурхайн үндэсний ассоциац, "Багануур" ХК, "Бороо гоулд" ХХК, "Оюу толгой" ХХК, "Рио Тинто" ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, Төлсөн авснаа нийтэл ТАН" эвсэл ба түүний гишүүн байгууллагууд, "Монголын байгаль орчны иргэний зөвлөл" МБИОЗ-ийн төлөөлөл оролцлоо.

Хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл удахгүй www.eitimongolia.mn цахим хуудасны "Бидний тухай" булангийн "Ажлын хэсэг" хэсэгт байрших болно

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд