Этиопын төлөөлөгчид Монголын ОҮИТБС-ын үйл ажиллагаатай танилцлаа

6 сарын 03, 2022
596
Этиопын төлөөлөгчид Монголын ОҮИТБС-ын үйл ажиллагаатай танилцлаа

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдалын урилгаар манай улсад айлчилж буй Холбооны Бүнд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын төлөөлөгчид Монголын ОҮИТБС-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Байгалийн баялаг ихтэй орнууд олборлох салбараа ил тод, хариуцлагатай болгохоор нэгдсэн дэлхийн нийтийн энэхүү санаачилгыг Монгол Улс хэрэгжүүлэхдээ улс орныхоо урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, Үндсэн хууль болон бусад органик хуульд хэрхэн тусдаг, Засгийн газрын үйл ажиллагаа хэрхэн чиглэж байгаа талаар өргөн хүрээтэй мэдээллийг Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон өгөв.

Үүнээс гадна, ОҮИТБС-ын тайлагналын системийг цахимжуулж, нийслэл болон 21 аймаг, уул уурхай бүхий зарим сумдад байгуулсан дэд зөвлөлүүд, гэрээний ил тод байдлыг хангадаг “iltodgeree.mn” сайт, эцсийн өмчлөгчдийг ил тод болгож буй туршлага гээд олборлох салбарын хариуцлагыг сайжруулахад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариуцллаа.

Этиоп улсын хувьд олборлох салбар нь ДНБ-ий 0.1 хувь, экспортын орлогын нэг орчим хувийг эзэлдэг, манай улстай харьцуулахад эдийн засгийн суурь салбар биш. Гэсэн хэдий ч 1.2 сая хүний ажлын байр, амьжиргааг залгуулдаг бичил уурхайн зонхилсон онцлогтой аж. 2025 он гэхэд ДНБ-ий 10 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлэхээр төлөвлөжээ. Тиймээс тус улс нь ОҮИТБС-ыг хэрэгжүүлэгч орны хувьд бичил уурхайн салбарын эрх зүйн орчин, ил тод, хариуцлагатай байдлаа сайжруулахад анхаарч ажилладаг байна. Энэ хүрээнд манай улсын бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, мөн түүний ил тод байдлыг хэрхэн хангаж байгаа талаар танилцаж яваагаа айлчлалын багийн ахлагч, тус улсын Уул уурхайн яамны Жижиг, бичил уурхайн газрын дарга Мерга Кенеа Гемеда онцолсон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд