“Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд АМНАТ-т 415.8 тэрбум төгрөг төлжээ

1 сарын 12, 2022
998
“Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд АМНАТ-т 415.8 тэрбум төгрөг төлжээ

УУХҮЯ-наас 2021 оны “Шилдэг ил тод компани”-аар шалгаруулсан орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн улс болон орон нутагт төлсөн татвар хураамж, төлбөр, ногдол ашгийн талаарх тоон үзүүлэлтүүдийг цувралаар хүргэж байна.

Энэ удаад ОҮИТБС-ын цахим тайлангийн системээс тус компанийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг шүүж үзэв. “Тавантолгой” ХК нь 2006-2020 онд буюу нийт 15 жилийн хугацаанд 415.8 тэрбум төгрөгийг АМНАТ-т төлжээ. Компанийн үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарч АМНАТ-ын төлбөр жил бүр харилцан адилгүй байна. Гэхдээ нүүрсний зах зээлийн үнэ, уул уурхайн идэвхжлийн нөлөө болон бусад макро хүчин зүйл тус компанийн АМНАТ-ийн хэмжээнд нөлөөлжээ. Тухайлбал, ашигт малтмалын ханш дэлхийн зах зээл дээр саарсан жилүүдэд АМНАТ-ын төлбөр харьцангуй бага байсан бол эсрэгээрээ 2011, 2017-2019 онуудад эрс нэмэгджээ.

 

“Тавантолгой” ХК нь ОҮИТБС-д ил тодын тайлангаа 2006 оноос хойш жил бүр тасралтгүй өгсөөр иржээ. Энэ хугацаанд төрийн байгууллага талаас тус компаниас нийт 996.2 тэрбум төгрөгийн орлогыг хүлээж авснаа тайлагнасан байна. Энэ орлогын 42 хувийг АМНАТ бүрдүүлж байна.

"Тавантолгой" ХК-иас хүлээж авсан АМНАТ-ын орлогын нээлттэй өгөгдлийг ОҮИТБС-ын цахим тайлангийн системээс болон xlsx, csv өргөтгөлөөр татаж авах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд