Iltodgeree.mn цахим сан ОҮИТБС-ын Ажлын албанд шилжлээ

2021-11-22 15:53

Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн нэгдсэн сан буюу www.iltodgeree.mn цахим хуудсын үйл ажиллагааг ОҮИТБС-ын Ажлын алба хариуцахаар боллоо. Үүнтэй холбоотойгоор орон нутагт олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангадаг Дэд зөвлөлийн гишүүдэд тус сангийн үйл ажиллагаа, гэрээг хэрхэн оруулах талаар Ажлын алба болон “Нээлттэй нийгэм форум” хамтарсан сургалт зохион байгуулж, мэдээлэл өглөө.

Аймаг, орон нутгууд уул уурхай, газрын тосны компаниудтай байгуулсан хамтын ажиллагааны болон газар, ус ашиглах гэрээ, орон нутгийн түвшинд байгуулсан бусад төрлийн албан хэлцлүүдээ Iltodgeree.mn цахим хуудсаар дамжуулан ил тод болгох үүрэг амлалтыг УУХҮ-ийн сайд болон Аймгийн засаг дарга нарын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн юм. Энэ дагуу цахим санд мэдээлэл оруулах ажлыг Дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд байдаг аймгийн уул уурхай хариуцсан мэргэжилтнүүд хариуцаж буй юм.

Одоогоор www.iltodgeree.mn цахим санд 824 гэрээ орсон байгаа бөгөөд 38 гэрээ баталгаажуулалтын төлөвт байгаа аж. Мөн гэрээний заалтын 162 тайлбар, гэрээтэй холбоотой хууль тогтоомжууд, уул уурхай, газрын тосны компаниудтай байгуулсан гэрээнүүдийн жагсаалт бий. Цаашид гэрээний заалтын тайлбарыг нэмэгдүүлэх ажлыг “Нээлттэй нийгэм форум” хариуцах юм.

Энэ жил тус сангийн бүх гэрээг нээлттэй мэдээлэл буюу текст хэлбэрээр татаж авах боломжтой тохиргоотой болгожээ. Ингэснээр судлаачид болон дата шинжээчид эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн судалгаа, шинжилгээ хийх боломж нэмэгдсэн гэдгийг “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Засаглалтын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг тайлбарлалаа.  

УУХҮ-ийн сайдын А/246 дугаар тушаалын дагуу ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг хангахад iltodgeree.mn цахим хуудасны үйл ажиллагаа чиглэгдэх ба энэ дагуу УУХҮЯ нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах юм. Харин Ажлын алба гэрээний мэдээллийн санг бүрдүүлэх, нэгтгэн боловсруулах, хөтлөх үйл ажиллагааг хариуцахаар зохицуулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.