Байгаль орчин, нийгэм, засалалын тайлан гаргадаг болно

10 сарын 27, 2021
1016
Байгаль орчин, нийгэм, засалалын тайлан гаргадаг болно

Баруун бүсийн олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал – III цахим чуулганаар УУХҮЯ-наас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оролцогчдод танилцууллаа. Тус чуулганыг УУХҮЯ, АМГТГ, ОҮИТБС-ын Ажлын алба, ОУСК болон Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн ЗДТГ, ННФ, ТАН эвсэл, МУУҮА-ийн төлөөлөл хамтран энэ сарын 26-27-нд цахимаар зохион байгууллаа.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ил тод байдлыг хангах чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүргийг нэмэгдүүлжээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэд, олон нийтэд өөрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор хоёр жил тутамд байгаль орчин, нийгэм, засаглалын тайлан гаргах зохицуулалт оржээ.

Баяжуулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгоно

Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төрлийг нэмэгдүүлж, баяжуулах үйлдвэрлэл эрхлэгчид тусгай зөвшөөрөл авах зохицуулалттай болж буйг УУХҮЯ-ын Уул уурхайн бодлогын газрын ахлах шинжээч Т.Зууннаст мэдээллээ. Баяжуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн адил үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангаж, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Ингэхдээ орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, худалдан авалтаар орон нутгийн ЖДҮ-ийг дэмжих, иргэдийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах үйл ажиллагаануудыг гэрээндээ тусгасан байна.

Харин гэрээний ил тод байдлыг хангах үүргийг сум, дүүргийн Засаг дарга хүлээж, гэрээ байгуулахаас өмнө олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулна гэж заажээ.

Баяжуулах үйл ажиллагааг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болон баяжуулалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхэлж, ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй болон үүсмэл орд ашиглагч этгээд баяжуулалтын лиценз эзэмших эрхтэй байна. Баяжуулалтын тусгай зөвшөөрлийг 10 хүртэлх жилээр олгох ба сунгалт нь мөн анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгах юм байна.

Баяжуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлага нь технологийн болон хагас үйлдвэрлэлийн туршилтын хүлээн зөвшөөрөгдсөн стандарттай байх, зураг төсөлтэй, түүхий эдийн нөөцтэй, үүсмэл орд эзэмшиж буй бол нөөц нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байх, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн, химийн бодисын хэрэглээ нь тодорхой, газар эзэмших болон ашиглах гэрчилгээтэй, үйлдвэрийн хаалтын төлөвлөгөөтэй байх ёстой гэж заажээ.

Уурхайнуудыг улсын болон орон нутгийн зохицуулалттай гэж ангилжээ

Түгээмэл тархацтай ашигт малтмал болон тухайн орон нутгийн нүүрсний хэрэгцээг хангадаг уурхайнууд нь орон нутгийн зохицуулалттай уурхайд хамаарна. Бусад нь улсын зохицуулалттай уурхайд хамаарна. Улсын зохицуулалттай уурхай нь Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулна, ингэхдээ аймаг, нийслэлийг хөгжүүлэх таван жилийн чиглэлд тусгагдсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлуудыг гэрээнд тусгасан байх зохицуулалт оруулсан байна.

Харин сум, дүүргийн удирдлагатай ОНХАГ-г орон нутгийн зохицуулалттай уурхайнууд байгуулах аж. Ингэхдээ сум, дүүргийн ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд байгуулна гэж оруулжээ.

Улсын зохицуулалттай уурхай нь жил бүр ашиглалтын төлөвлөгөө, тайлангаа батлуулж, хүргүүлэх болон орон нутгийн зохицуулалттай уурхай нь уулын ажлын төлөвлөгөөг гурван жилээр хийж, тайлангаа жил бүр хүргүүлэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд