Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмонтой ярилцлаа.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд цахим мэдээллийн сан үүссэн юм байна. Цахим сангийн ажил ямар шатандаа яваа бэ?
-Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд цахим мэдээллийн нэгдсэн санг сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтээлээ. Монгол улсын программ хангамжийн “Интерактив”компани манай захиалгаар энэ ажлыг гүйцэтгэсэн байна. Одоо багахан ажил үлдсэн бөгөөд ирэх есдүгээр сард бүрэн дуусах чиглэлтэй юм. Энэ ажлын санхүүжилтыг Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас гаргаж, “Адам Смит интэрнэшнл” байгууллагаас техникийн дэмжлэг үзүүлсэн юм.
Манай улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ. Ер нь энэ санаачлагад дэлхийн хичнээн улс нэгдсэн байдаг юм бол?
-Манай улс 2006 оноос хойш Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлж байна. Жил бүр үндэсний тайлан гаргаж олон нийтэд танилцуулдаг. Засгийн газар, компани, иргэний нийгэм хамтран энэ санаачлагыг эрх тэгш түншлэлийн зарчим дээр тулгуурлан хэрэгжүүлж байна. Товчхондоо, олборлох салбарын хувь нэмрийг нийгэм, олон нийтэд үзүүлэх үндсэн зорилготой бөгөөд хувь нэмрийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах гол зарчимтай ажилладаг.
2006 онд 20 орчим улс анх хэрэгжүүлж байсан бол өдгөө 51 орон хэрэгжүүлж байгаа нь хэрэгжүүлэгч орны тоо хоёр дахин өссөн байна. Анхандаа зөвхөн хөгжиж буй орнуудад зориулсан санаачлага, тэдгээр орнуудын төсөв, санхүүг ил тод болгох санаачлага гэж ярьж, үзэж байсан ч өөрчлөгдөж, өргөжсөн байна. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг АНУ, Франц, Герман, Норвеги, Их Британи зэрэг дэлхийн томоохон улсууд хэрэгжүүлж байгаа бөгөөд санхүү, татварын тогтолцоог ил тод болгож байгаа. Дэлхийд өргөн хүрээнд явагдаж байгаа санаачлага гэж ойлгож болно.
Компаниуд мэдээллээ өгөх тал дээр хэр нээлттэй болж байгаа вэ?
-Тайлан гаргалтын хувь хэмжээ нэлээд тогтвортой нэмэгдэх хандлагатай байгаа. Анх 2006 онд 64 компани тайлангаа гаргаж байсан бол одоо 990 компани тайлангаа гаргаж байна. Компаниудын оролцоо, хариуцлагатай байдал нэг талаар нэмэгдэж байгаа. Нөгөө талаас, Засгийн газрын хариуцлагатай байдал ч нэмэгдсэн. Тухайлбал, 2006 онд 134 компаниас орлого хүлээн авсан тайлан гаргаж байсан бол 2014 онд 1570 компаниар тайлан гаргасан байна.
Цахим мэдээллийн нэгдсэн санд 2006 оноос хойш гарсан тайлангууд багтсан уу?
-2006 оноос хойш тайланг гарсан компани, Засгийн газрын мэдээлэл энэ санд байгаа. Давхардсан тоогоор 4701 компанийн төлсөн татвар, төлбөр, хандив дэмжлэг, Засгийн газрын олборлох салбарын 6858 компаниас авсан орлогын дүнгүүд, задаргаа дүнгүүд тус тус байгаа болно.
Системийн онцлог ач холбогдол нь юу вэ?
-Санаачлагыг хэрэгжүүлж байгаа 50 гаруй орноос цахим тайлангийн системтэй болсон анхдагч улсуудын нэг болж байна. Перу улсын Лима хотноо 2016 оны хоёрдугаар сард болсон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын олон улсын 7 дугаар бага хурлын үеэр Монгол Улсын энэ ажлыг үнэлж, Санаачлагын даргын нэрэмжит цом хүртээсэн байна. Манай улс нэр хүндээ өсгөж, мэдээллийг хүртээмжийг сайжруулж чадсан гэж үнэлсэн юм. Хоёр дахь ач холбогдол гэвэл нээлттэй технологиудыг ашиглаж, Монголын программ хангамжийн компани энэ санг боловсруулсан нь Монголын мэргэжлийн компаниуд мэдээллийн технологийг ашиглаж чаддаж байгааг дэлхий дахинаа харуулж байна. Бас нэг чухал явдал бол тайланг хүлээж авах, илгээх явдал хялбар болж, цаг, зардал, материал хэмнэж байна. Мөн тайлан нэгтгэх үйл ажиллагаа гар ажиллагаагүй болсноор хувь хүнтэй холбоотой техникийн алдаануудаас сэргийлэх бололцоотой боллоо. Эцэст нь мэдээллийн хүртээмж нэмэгдснээр бэлчээрт яваа хүн ч хэрэв интернеттэй бол мэдээллийг авах, татах, илгээх зэргээр шинэ технологийн ололтыг ашиглах бүрэн боломжтой байна.
Хүссэн хүн бүр www.eitimongolia.mn гэсэн цахим сангаас мэдээлэл авах боломжтой юу?
-Дурын хэрэглэгч манай цахим санд байгаа мэдээллээ харах бүрэн боломжтой.
Мэдээллийн сангийн үндсэн үйл ажиллагааг сонирхуулаач?
-Төрийн байгууллага болон компаниудаас жил бүрийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайланг цахимаар хүлээж авч, боловсруулна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын байгууллага, компаниуд манай системд орж бүртгүүлээд нууц үг авах юм. Тэрнийхээ дагуу тайлангаа шивээд оруулна гэсэн үг. Үнэн зөв тайлагнасан тухай албан тоотоо хавсаргана. Зарим төрийн байгууллагуудтай мэдээллийг автоматаар солилцоно. Цугласан мэдээллийг дүн шинжилгээ хийж, зурагжуулах, дүрсжүүлэх, харьцуулах зэрэг олон талын үйлдлийг хийж өгнө.
Тэгэхээр мэдээллийг инфографик зэрэг аргыг ашиглаж ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэх нь ээ?
-Тэгнэ. Сонирхолтой хэлбэрээр мэдээллийг хүргэхээр ажиллаж байна. Мэдээллийн хувьд нэлээд өргөн хүрээг хамарна. Компани, бүс нутгаар, татвар, төлбөрийн төрөл, улс, аймаг хот, сум дүүрэг, хайгуул, ашиглалт, газрын тосны гэх мэтээр дэлгэрэнгүй байдлаар мэдээллийг өгнө. Хэлбэр нь тайлан, газрын зураг, хүснэгт, график, файл гэсэн таван бүтээгдэхүүн гарна.
Энэ сангаас тайлангаас өөр яг ямар мэдээллүүд авч болох вэ?
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээлэл бий. Тусгай зөвшөөрлийн байршил, талбайн хэмжээ, олгосон, дуусах огноог харж болно. Тухайн зөвшөөрлийг ямар компани эзэмшдэг талаарх мэдээллийг ч авах боломжтой. Мөн газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай мэдээллийг цогцоор нь багтаасан. Улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр хураамжийн мэдээллийг нийт дүнгээр болон төрөл, хүлээн авсан газруудаар нь сонирхож болно. Мөн төрийн байгууллага болон бусад байгууллага, иргэнд өгсөн хандив дэмжлэгийн дүн, ажиллах хүчний болон Компаниудын ашиг хүртэгч эздийн мэдээлэл гэж байгаа. Цаашид ашиг хүртэгч эздийн хувьд нэлээд ажиллах шаардлагатай. Учир нь ОҮИТБС-ын олон улсын стандартаар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэгч орон бүр энэ мэдээллийг тайлагнах үүрэг хүлээсэн. Мөн Олборлох салбарын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг энэ сангаас харж болно.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хувьд Монгол улс хэр үнэлгээтэй яваа бэ?
-Ер нь бол гишүүн 50 гаруй улсаас эхний тавд багтаж байгаа гэж ойлгож болно. Мэдээллийн хүртээмжтэй байдлыг бид хангаж чадаж байгаа ч мэдээллийг ашиглах тал дээр сул байгаа тал бий. Нэг талаас бидний хувьд мэдээллээ хүргэх тал дээр дутуу дулимаг ажилласан тал бий байгаа, нөгөө талаас хэрэглэгчид ийм мэдээлэл байдгийг мэдэхгүй гэсэн шалтгаан байгаа юм. Цахим сан ажиллаж эхэлснээр мэдээлэл олон нийтэд ямар ч саадгүй хүрэхээр болж байна.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хувьд тулгамдсан ямар асуудал байна?
- Зохицуулалт, эрх зүйн орчныг тодорхой болгох талаар 2011 оноос хойш ажиллаж, хуулийн төсөл боловсруулсан. Засгийн газраас УИХ-д “эрдэс баялгийн салбарын ил тод байдал”-ын тухай хуулийн төслийг 2014 оны 10 дугаар сард өргөн барьсан юм. УИХ-аас хуулийн төслийг хэлэлцэнэ гэдгээ 2015 оны 2 дугаар гаргасан. Эдийн засгийн байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг хүлээсэн байгаа бөгөөд уг байнгын хороон дээр байгуулагдсан ажлын хэсэг ажлаа түргэвчлэх шаардлагатай байна. Тухайлбал, энэ долоо хоногийн хуваарьт орсон хэдий ч, гишүүдийн ирц бүрдэхгүй байна.
Ц.Билиг