ОҮИТБС ОРОН НУТАГТ

2 сарын 02, 2021
208
ОҮИТБС ОРОН НУТАГТ

Говь-Алтай аймгийн нутгийн удирдлага, компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга – Говь-алтай аймагт” анхдугаар чуулган 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Алтай хотод амжилттай хамтран зохион байгуулав.

Аймгийн засаг дарга Ш.Амгаланбаяр, засаг даргын орлогч Т.Ганзориг, нутгийн удирдлагын байгууллагуудын төлөөлөл, 18 сумын Засаг дарга нар, Говь-Алтай аймагт олборлолт эрхэлж буй Алтайн хүдэр ХХК, Марко поло ХХК, Гоби коул энд энержи ХХК зэрэг компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд, аймгийн төв, сумын иргэд гээд нийт 250 орчим төлөөлөгчид чуулганд оролцсон нь уул уурхай, түүнийг тойрсон асуудлуудыг шийдэхэд ил тод-нээлттэй байдал ямар чухал болохыг харууллаа.

Чуулганыг аймгийн удирдлагууд нээж аймгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулсан бол үргэлжлүүлэн компаниудын төлөөлөл өөрсдийн ажлаа, Цээл, Төгрөг, Чандмань, Бигэр сумын засаг дарга нар тулгамдаж буй асуудлаа танилцуулав. ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийг төлөөлөн БОНХЯ, АМГ, ТАН эвсэл, Ажлын албаны холбогдох мэргэжилтнүүд чуулганд оролцож ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхийн ач холбогдол, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, ОҮИТБС-ын Говь-Алтай аймаг дахь хэрэгжилт зэрэг сэдвээр илтэл тавьж, арга зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл хийлээ.

Иргэд, компаниуд, төрийн болон төрийн бус байгууллагууд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, өөрсдийн сонирхсон асуултаа тавьж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байв. Тухайлбал, компанийн зүгээс хууль, эрх зүйн орчинг тодорхой болгох, шинээр хайгуул эрхэлж буй компаниудад тулгардаг сөрөг хандлагыг залруулах, төр-хувийн хэвшил харилцан ойлголцож, хамтран ажиллах шаардлагатайг онцолсон бол иргэд орон нутгийн түвшинд ОҮИТБС-ын тайлан, мэдээний хүртээмжийг сайжруулах, компаниуд хаалттай байдлаа нээлттэй ил тод болгож, тогтмол мэдээлэл хийх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахдаа үйлчилгээний бус нарийн мэргэшлийн орон тоонд ажиллуулах, халуун ус, цэцэрлэг, сургууль бүхий хот суурин газрыг хөгжүүлэх шаардлагатайг онцлов. Харин төрийн байгууллагууд хариуцлагын тогтолцоог сайжруулах, компаниудыг үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу явуулах, нэг удаагийн хандив, дэмжлэг үзүүлэхээс илүү урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, орон нутгийн төсөвт төлөх татвараа нэмэгдүүлэхийг уриалав.

Чуулганы оролцогчид ОҮИТБС нь төр-хувийн хэвшил-иргэд харилцан ойлголцож, хамтран ажиллах, олборлох үйлдвэрлэлээс орох орлогыг орон нутгийн тогтвортой хөгжилд зарцуулах, талуудын хариуцлагыг өндөржүүлэхэд чухал нөлөөтэйг онцлоод, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн “Чуулганаас гарах зөвлөмж”-ийн төслийг хэлэлцэн баталсан нь шинэлэг зүйл боллоо.

Зөвлөмжөөр аймгийн ОҮИТБС-ын дэд зөвлөлд санаачилгын үйл ажиллагааг орон нутагт идэвхжүүлж, гурван талын тэгш оролцоог хангаж ажиллах, бүх компаниудыг тайланд хамрагдуулах, орон нутагтай байгуулсан гэрээг ил тод болгож, нийтэд мэдээлж хэвших, олон талт оролцогчдын хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах, мэдээллийн төв байгуулж, ОҮИТБС-ын тайлангаар ил тод болсон мэдээллийг олон нийтэд хүргэх, түгээн сурталчилах; аймгийн төрийн захиргааны байгууллагуудад ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан аливаа олон улсын стандарт, хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хангаж ажиллах, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, компаниудад ОҮИТБС-ын тайлангаа тогтмол гаргаж, нийтэд мэдээлж хэвших, олон талт оролцогчдын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох; иргэд, ИНБ-уудадсанаачилгын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ОҮИТБС-ын тайлангаар ил тод болсон мэдээллийг ашиглан олон талт оролцогчдын хэлэлцүүлгийг зохион байгуулах, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх;хэвлэл мэдээллийн байгууллагуудад санаачилгын ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчилах, мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах, ОҮИТБС-ын тайлангаар хөндөгдсөн чухал мэдээллийг эрэн сурвалжилж, нийтэд бодитой мэдээлэл хүргэхийг зөвлөмж болгожээ.  

Оролцогчид ОҮИТБС-ын чуулганыг хоёр жил тутамд зохион байгуулж байхаар тогтжээ.

Говь-Алтай аймгийн ОҮИТБС-ын дэд зөвлөлийн дарга Т.Ганзориг чуулганыг хааж үг хэлэхдээ том, жижиг гэлтгүй нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарласан, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй компанийг дэмжиж ажиллахын хамт компаниудтай олон талын оролцооны гэрээ байгуулж ажиллахын чухлыг тэмдэглэсэн байна.

Дашрамд дурьдахад Говь-Алтай аймаг нь нутаг дэвсгэрийн хэмжээгээр улсад 2-т ордог, уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн 10 жилд эрчимтэй явагдаж бөгөөд төмрийн хүдэр, алт, хөнгөн цагаан, нүүрсний ордуудтай, 3,757,135га талбайд ашиглалтын 16, хайгуулын 220 лиценз олгогдсон, нийт лиценз олголтоороо 21 аймгийн 10 дугаарт (6%) орох бөгөөд нийт 86 компани тус аймагт үйл ажиллагаа явуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд