ОҮИТБС-ЫН 2011 ОНЫ НЭГТГЭЛ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

2 сарын 02, 2021
1104
ОҮИТБС-ЫН 2011 ОНЫ НЭГТГЭЛ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Монгол Улс 2011 онд 3 тн алт, 573 мянган тонн зэсийн баяжмал, 21 сая тн нүүрс, 5,7 сая тн төмрийн хүдэр, 2,5 сая баррель газрын тос экспортолсон байна. Энэ нь олборлох үйлдвэрлэл манай улсын эдийн засаг, нийгмийн томоохон салбар болсныг гэрчлэх баримт гэж мэргэжилтнүүд харж байна. Тиймээс олборлох үйлдвэрлэлийг ил тод болгох нь өнөө цагийн чухал шаардлагын нэг. Ил тод байдлын нэг чухал хэрэгсэл нь төлбөр, орлогын ил тод байдал бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэх нэгэн томоохон арга хэмжээ нь жил бүрийн нэгтгэл тайлан юм. Манай улс ийм тайланг 2007 оноос хойш гаргаж буй бөгөөд зургаа дахь жилийн буюу 2011 оны тайланг Төрийн ордонд хэлэлцэж байна.

Энэхүү тайлангийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцохдоо “Энэ бол чухал ажил. Тайлан гаргах явцын мэдээллийг олон нийтэд ил тод болгох нь зүйтэй” гэж хэллээ. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийнхөн нь нэг цуглаад хэдэн тоо хэлээд өнгөрдөг биш нягталж шалгадаг, хяналт тавьж ажиллах шаардлагатай байна гэлээ. Мөн тайлангаа үндэслэн тодорхой дүгнэлтүүд гаргахыг Ерөнхий сайд зөвлөөд гарсан дүгнэлтийг ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар Үндэсний зөвлөлийг дэмжиж ажиллах болно. Ил тод, хариуцлагатай байх явдлыг Шинэчлэлийн Засгийн газар бүхий л талаар дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Эх сурвалж: www.pmis.gov.mn - 2012.11.28

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд