Ил тод уул уурхайн энэ удаагийн босго - Эрх зүйн шинэчлэл, мэдээлэл солилцоо, санхүүжилт

2021-05-31 07:46

Төвийн бүсийн найман аймгийн уул уурхайн үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгоход чиглэсэн цахим чуулган энэ сарын 27-28 -нд болж өнгөрлөө. 

Энэ удаагийн чуулган нь 2019 онд УИХ-аар баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд өрнөж буй хууль эрх зүйн шинэчлэлийн үед болж буйгаараа онцлог бөгөөд төвийн бүсийн аймгуудад олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах чуулган 2017 оноос хойш зохиогдоогүй байсан юм. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг даган уул уурхайн салбарын хэд хэдэн хууль шинэчлэгдэж, шинээр Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хууль батлахаар боловсруулж байгаа билээ. Тиймээс чуулганаар УУХҮЯ, АМГТГ, СЯ, БОАЖЯ-наас хууль эрх зүйн шинэчлэлийг даган гарч буй хуулийн төслүүдийн талаар аймгуудын удирдлага, байгаль орчин, уул уурхай, аймгийн хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллага, компаниудын төлөөлөлд нэгдсэн мэдлэг мэдээлэл өглөө.

УУХҮЯ-ны Судалгаа, хөрөнгө оруулалтын газрын Статистик судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал “Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэлээд удаан боловсруулж, салбарын олон хуулийн давхардал хийдлийг арилгасан” гэв.

Хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд уул уурхайн үйл ажиллагаа эрэл, хайгуулын шатнаас эхлэн төлөвлөгдөж, хаагдах хүртэлх бүх үе шатанд нээлттэй, хяналттай байх тогтолцоо бүрдэхээс гадна олон нийтийн оролцоо нэмэгдэж хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын сайн туршлагад суурилан улам бүр баталгаажих аж

Тэрчлэн орон нутгийн чиг үүргийг тодорхой болгосноор орон нутгийн хөгжлийн бодлого тодорхой болж, улмаар нутгийн иргэдийн амьдралын чанар сайжрахад чиглэж буй юм. Чуулганд оролцсон аймгуудын дийлэнх нь уул уурхайн бодлоготой болсноо танилцуулсан бөгөөд энэ нь цаашид олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагааг илүү эмх цэгцтэй, нээлттэй авч явахад чухал ач холбогдолтойг ОҮИТБС-ын Ажлын албаны дарга Ш.Цолмон дүгнэж хэлсэн юм.

Чуулганы турш оролцогчдын анхаарлын төвд байсан зүйл нь эрдэс баялгийн салбарын өгөгдөл мэдээллийн ашиглалт байв. 

Тухайлбал, УУХҮЯ-аас танилцуулсан эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн өөрчлөлтийн хүрээнд хийх нэг чухал ажил нь мэдээллийн нэгдсэн сантай холбоотой зохицуулалт юм. Хэлбэр, тогтолцоо, бүрдлээс гадна мэдээллийн санд оролцогч талуудын мэдээлэл төвлөрүүлэх явц, үүргийг тодорхой зааж буй бөгөөд мэдээллийн нэгдсэн сангийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага, хугацаа, хэрэглэгчийн эрх үүрэг, санхүүжилт, төлбөрийн нөхцөлтэй холбоотой нэгдсэн зохицуулалт бий.

Энэ том өргөн уудам газар нутаг дээр олборлох үйлдвэрлэлийг ил тод, хариуцлагатай хөгжүүлэхийн тулд мэдээллийн сангийн хэрэглээ, мэдээлэл солилцоо, харилцан туршлага солилцох үйл ажиллагаа үгүйлэгдэж байгаа аймгийн төлөөллүүд онцолсон. Цахим чуулганд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон Дархан-Уул аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Баянмөнх “Ил тод байдлын тайлангууд явуулдаг боловч ач холбогдлыг нь нарийн мэддэггүй. Хоёр өдрийн чуулганаас дүгнэж харахад аймгуудын дэд зөвлөлүүд мэдээлэл солилцоогүй, үйл ажиллагаа уялдаагүй байдаг юм байна. Мэдээлэл байдаг хэдий ч солилцдоггүй, тиймээс олон чухал асуудал орхигдож хоцордог юм байна” гэлээ. 

Цаашид орон нутгийн удирдлагууд аймаг, сумандаа хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл явцаас эхлээд уурхайг хаагдах хүртэлх бүхий л үйл явцад оролцоогоо нэмэгдүүлж, үр өгөөжийг нь хүртэх нэг гарц нь дата мэдээллийн ашиглалтыг сайжруулах явдал гэж үзлээ. http://www.eitimongolia.mn/ цахим хуудсанд 2007 оноос хойш цугласан дата мэдээллийг улс болоод орон нутгийн түвшинд идэвхтэй ашиглан бодлого, шийдвэрээ гаргах нь чухал байгааг ТАН эвслийн зохицуулагч Н.Баярсайхан онцоллоо. 

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах үүрэгтэй аймгуудын дэд зөвлөлүүд энэ удаагийн чуулганд идэвхтэй оролцож, тулгамдсан асуудлаа хуваалцлаа. Дэд зөвлөлүүдийн үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэх нь цаашид олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг орон нутагт сайжруулахад чухал юм. Аймгийн удирдлагууд салбар яамдуудтай жил бүр хамтран ажиллах гэрээ байгуулдаг бөгөөд үүндээс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдалтай холбоотой саналуудаа тодорхой тусгах, мөн дэд зөвлөлүүд аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн зөвлөлтэй нягт хамтран ажилласнаар хөрөнгө оруулалтаа оновчтой төлөвлөх, уул уурхайн орлогыг оновчтой хуваарилах нэг гарц болж буй аж. 

Цахимаар 1.5 өдрийн турш үргэлжилсэн энэ удаагийн чуулганд 100 гаруй хүн оролцсон бөгөөд УУХҮЯ, Сангийн Яам, БОАЖЯ, АМГТГ, ТЕГ, төвийн бүсийн аймаг сумдын удирдлага, мэргэжилтнүүдээс гадна уул уурхайн компаниудын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцов.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.