МОНГОЛЫН ОҮИТБС-ЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН 15 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2 сарын 02, 2021
265
МОНГОЛЫН ОҮИТБС-ЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН 15 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөл жил бүр хуралдаж, ОҮИТБС-ын нэгтгэл тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг баталдаг уламжлалтай билээ. Үндэсний зөвлөлийн 15 дугаар хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд зохион байгуулагдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:

1. Монгол Улсын ОҮИТБС-ын 2015 оны нэгтгэл тайлан

2. Монголын ОҮИТБС-ын 2016 оны төлөвлөгөөний биелэлт, 2017 оны төлөвлөгөөний төсөл, цахим тайлагналын журам, нээлттэй мэдээллийн бодлогын тухай

3. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудын ашиг хүртэгч эздийг ил болгох замын зураг, төлөвлөгөөний төсөл батлах тухай

 

Монгол Улсын ОҮИТБС-ын 2015 оны нэгтгэл тайланг Их Британийн Харт Нойрс лтд, Монгол улсын Улаанбаатар аудит корпораци ХХК-ийн хамтарсан аудитын консорциум тулган баталгаажуулалт хийсэн бөгөөд тайлан нь дан ганц төлбөр, орлогыг нэгтгэн баталгаажуулахаас гадна олборлох салбарт олгогдож буй тусгай зөвшөөрлийн ил тод байдал, үйлдвэрлэл, борлуулалт, томоохон хайгуулын ажил, компаниудын ашиг хүртэгч эзэд, ажиллах  хүчний судалгаа, орон нутгийн захиргаатай байгуулсан гэрээ, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ил тод байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, байгаль орчны нөхөн сэргээлт, төсвийн хуваарилалт гэх зэрэг ОҮИТБС-ын стандартад заасны дагуу өргөн хүрээнд судалгаа явуулж, хөндлөнгийн дүгнэлт өгч, Монгол Улс цаашид байгалийн баялгаас орж буй орлогыг бүрэн нягтлах, орлого менежментийн засаглалыг сайжруулах чиглэлээр үнэтэй зөвлөмжүүдийг өгсөн болно.

 

Хуралдаанаар хэлэлцэх нэг чухал асуудал бол Ашиг хүртэгч эздийг ил болгох замын зураг юм. ОҮИТБС-ын стандартаар хэрэгжүүлэгч бүх улс орнууд 2020 он гэхэд олборлох салбарт хөрөнгө оруулагч, тендерт оролцогч, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын ашиг хүртэгч эздийг ил болгох үүргийг хүлээгээд буй. Тэгвэл энэхүү зорилтын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө бүхий замын зураг боловсруулж 2017 оны 1 сарын 1-нээс олон нийтэд хэвлэн нийтлэх юм. Замын зурагт улс төрд нөлөө бүхий этгээд олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувь эзэмшдэг бол түүнийг бүрэн дүүрэн ил болгох, нэр томъёо, тодорхойлолт, хамрах хүрээ, ил болгох мэдээллийн нарийвчлалыг оролцогч талууд харилцан зөвшилцөхөөс эхсүүлээд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах, нөлөөллийн ажлыг зохион байгуулах гэх зэрэг томоохон ажлуудыг төлөвлөсөн болно. 

 

Монголын ОҮИТБС-ын 2015 оны нэгтгэл тайлан (Хавсралтууд)

Монголын ОҮИТС-ын 2016 оны үйл ажиллагааны тайлан

Монголын ОҮИТБС-ын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

Ашиг хүртэгч эздийг ил тод болгох замын зураг 2017-2020

Монголын ОҮИТБС-ын өгөгдөл мэдээллийн нээлттэй байдлын бодлого ба журам

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд