УУЛ УУРХАЙ ТОГТВОРТОЙ САЛБАР БИШ. ГЭХДЭЭ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХҮРЭХЭД УУЛ УУРХАЙГ АШИГЛАЖ БОЛНО

2 сарын 02, 2021
707
УУЛ УУРХАЙ ТОГТВОРТОЙ САЛБАР БИШ. ГЭХДЭЭ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХҮРЭХЭД УУЛ УУРХАЙГ АШИГЛАЖ БОЛНО

Үндэсний шуудан сонин №109,
2015 оны 6-р сарын 10

Байгальд ээлтэй технологитой, хууль дээдэлдэг уул уурхайн компанийг л түлхүү ажиллуулах хэрэгтэй

ОҮИТБС-ын тэргүүн хатагтай Клейр Шорт манайд улсад хоёр дахь удаагаа айлчилж, “Бороо гоулд” компанийн үйл ажиллагаа, технологитой танилцахын зэрэгцээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын олборлох үйлдвэрлэлийн ил тодын уулзалтад оролцож, илтгэл тавьсан билээ. Түүнтэй ярилцлаа. 

-Та Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн томоохон компани “Бороо гоулд”-ын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ сумын иргэдтэй ч уулзлаа. Манай улсад ил тод байдал хэр байна гэж та дүгнэх вэ?

 - ОҮИТБС нь дэлхийн 48 улсад мөрддөг олон улсын санаачилга. Үүнд Монгол Улс Америк, Герман, Франц гэх мэт улсаас  урьтан нэгдэж, өдгөө найман жилийг туулж байгаа бол том амжилт.  Гэхдээ Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын зарим нь олборлох үйлдвэрлэлийн стандартаа мөрдөж байхад зарим нь хэрэгжүүлэхгүй байгаа нь харагдаж байна. Монгол Улс байгаль орчноо хамгаалдаг, ээлтэй технологиор ажилладаг, хууль дээдэлдэг компаниудыг л түлхүү ажиллуулах хэрэгтэй. 

-Тусгай зөвшөөрөл олгоход манайд хяналтгүй, орон нутгийн иргэдийн дуу хоолойг сонсохгүй байна гэж шүүмжилж буй. Үүнийг дэлхий нийтэд хэрхэн шийдвэрлэсэн байдаг вэ?

- 2013 онд Сидней хотод ОҮИТБС-ын 6 дугаар бага хурал болсон. Энэ үеэр тусгай зөвшөөрлийг ил тод болгох асуудал хүчтэй яригдсан. Монголд ч мөн адил энэ санаачилга явж байгаа. НҮБ-ийн конвенцийн дагуу нутгийн иргэд уугуул иргэдийнхээ зөвшөөрлийг бүрэн авсан байх ёстой байдаг. Гэтэл Монгол Улсын хувьд иргэд нь уугуул гэдгийг хэрхэн тодорхойлохыг мэдэхгүй байна.  Түүнчлэн, тус хурлаас хойш зөвхөн уул уурхайн компаниудын татвар төлж буй төлбөрөөс гадна тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, байгаль орчны нөлөөлөл, иргэдийн амьдралын чанарт хэрхэн тусч байгааг ч дэлхий нийтээр тайландаа тусгахаар болсон нь ил тод байдлыг дэлгэрүүлэх том алхам болсон.

-Байгалийн баялгаа зөв зарцуулсан үлгэр жишээ авч болох жишээ дэлхийд байдаг уу?

- Байгалийн баялгийг ухаж авсан даруйдаа байгаль орчноо сэргээх, үр ашигтай зарцуулах л чухал байдаг. Байгалийн баялгаа зохистой ашиглаж чадсан  дэлхийд үлгэр жишээ болж буй улс бол Норвеги. Тэд, нэгдүгээрт хөрөнгө оруулагчдыг маш сайн татсан. Хоёрдугаарт, өндөр татвар оногдуулж энэ хөрөнгөө авангуутаа ашиглаагүй сандаа хуримтлуулж, уул уурхайн үйл ажиллагааг дууссан ч үүнийгээ үр ашигтай зарцуулсан юм. Норвеги улс хөгжингүй баян улс болохоор орлогоо хуримтлуулж чадаж байна. Ядуу буурай улсын хувьд сандаа хадгалах боломж нь байхгүй болохоор өнөө, маргаашдаа зарцуулах хэрэгтэй болдог. Гэхдээ зарцуулалтаа хийхдээ ухаалаг байх хэрэгтэй. Ирээдүйгээ бодсон, үр ашигтай хөрөнгө оруулалт л хийх хэрэгтэй. Уул уурхай өөрөө тогтвортой салбар биш. Гэхдээ тогтвортой хөгжилд уул уурхайн салбарыг ашиглаж болох юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичих (1)
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд