Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг ил тод, үр дүнтэй хэрэгжүүлэх цахим дадлага сургалт болно

5 сарын 18, 2021
742
Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг ил тод, үр дүнтэй хэрэгжүүлэх цахим дадлага сургалт болно

Уул уурхайгаас орон нутгийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд орон нутгийн удирдлага, компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар арга зүйн дадлага олгох үндэсний хэмжээний цахим сургалт энэ сарын 19-нд буюу лхагва гарагт болно.

Сургалтаар орон нутагт уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах олон улсын стандарт, орон нутгийн удирдлагуудын зүгээс хангах бэлтгэл ажил, ил тод, үр өгөөжтэй гэрээ байгуулах бодит сургамж туршлагын талаар мэдлэг мэдээлэл түгээх юм. Мөн уул уурхайн компаниудын орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд өгсөн хандив дэмжлэгийн мөнгөн урсгалд хийсэн дата анализ бүхий бодит мэдээлэл хуваалцаж, оролцогчдыг дадлагажуулна.

ОНХАГ

Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг цахимаар зохион байгуулж буй энэхүү сургалт нь орон нутагт хамтын ажиллагааны гэрээ байгуулах, үйл явцыг хянах эрх бүхий удирдлага, төрийн албан хаагчид, иргэний нийгмийн байгууллага, иргэдийг чадавхжуулах зорилготой. Улмаар гэрээний ил тод байдлыг хангаснаар уул уурхайн үр өгөөж орон нутгийн хөгжил дэвшилд чиглэгдэх ач холбогдолтой юм.

Сургалтыг “Нээлттэй нийгэм форум” ТББ, “ТАН эвсэл” ТББ, “Оюу толгой” ХХК ОҮИТБС-ын Ажлын албатай хамтран зохион байгуулж байна. Гол илтгэлүүдийг ОҮИТБС-ын Ажлын албаны зүгээс Facebook пэйж хуудсаараа шууд дамжуулах болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд