2020 ОН ГЭХЭД УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЖИНХЭНЭ ЭЗДИЙГ ИЛ БОЛГОЖ, НИЙТЭД МЭДЭЭЛНЭ

2 сарын 02, 2021
794
2020 ОН ГЭХЭД УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЖИНХЭНЭ ЭЗДИЙГ ИЛ БОЛГОЖ, НИЙТЭД МЭДЭЭЛНЭ

Үндэсний шуудан сонин, 2017 оны 12-р сарын 13

-Уул уурхайн компаниудын үйл ажиллагааг олон нийтэд ил тод байлгах тал дээр танай төслийн зүгээс багагүй зүйл хийсэн. Гэхдээ олборлох үйлдвэрлэл ил тод байх ёстой юу, үгүй юү гэдэгт талууд маргаантай байдаг. Үнэхээр ил тод байх шаардлага манай улсад бий гэж үү?

-Ил тод байх шаардлага зайлшгүй бий. Манай улсад ашиглалтын 1,000 орчим лиценз байдгаас 300 орчим нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Улсын хэмжээнд 2,200 компани уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшдэгээс 170 компани тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компаниудын цөөн хэд нь олон тооны тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Жишээлбэл, “Алтан дорнод” компани гэхэд 30 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

Бидний хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрхзүйн хүрээнд компанийн эцсийн эзнийг ил тод болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд нэгдүгээрт,  олборлогч компани улс, орон нутгийн төсөвт ямар хувь нэмэр оруулсан бэ, эсвэл тухайн аймаг орон нутагт ямар үр өгөөжтэй байв гэдгээс эхлээд олон талын мэдээллийг иргэдэд ил байдлаар хүргэдэг. Хоёрдугаарт, энэ мэдээллийг аудитор баталгаажуулдаг гэдэг утгаараа үнэн бодитой мэдээлэл болж чаддаг.

Гуравдугаарт, одоогийн байгаа нөхцөл байдлыг яаж сайжруулж, олон нийтэд илүү үр өгөөжтэй байх тал дээр Засгийн газар, компани, иргэний нийгмийн төлөөлөл хамтарч ажиллах ёстой ч харамсалтай нь энэ нь дорвитой урагшилж өгөхгүй байна. Энэ бэрхшээлийг давахын тулд Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, 2015 онд УИХ-д өргөн барьсан юм.

Харамсалтай нь 2016 оны УИХ-ын ээлжит сонгуультай цаг үе давхацсанаар хуулийн төслийг эргүүлэн татсан. Ингээд Уул уурхайн хуулийн төслийн нэг бүлэгт ил тод байдлын тухай хамааруулж өгсөн. Ил тод байдлын санаачилгыг сайн дурын үндсэн дээр байх ёстой, үгүй дээр талууд харилцан өөр бодолтой байдаг. 

Ашигт малтмалын тухай хуульд “Улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр хураамжийг тухайн онд олборлосон бүтээгдэхүүний хамт" гэсэн утга бүхий зүйл заалт байдаг юм. Үүнээс улбаалаад хайгуулын компаниуд “Манайх олборлолт хийгээгүй юм чинь тайлан гаргаж өгөх үүрэггүй юм байна. Сайн дурын үндсэн дээр байх ёстой” гэж эсэргүүцдэг. Тиймээс л энэ асуудлыг нэг мөр цэгцлэх үүднээс хуулийн төслийг боловсруулсан ч даанч ажил хэрэг болж чадсангүй.

-Уул уурхайн хуулийн төсөлд тайлан заавал өгнө гэдэг утгаар нь тусгаж өгсөн үү?

-Хуулийн төсөлд заавал гэдэг утгаар нь тусгаж өгсөн. Хэлэлцүүлгийн явцад ямар үр дүн гарахыг мэдэхгүй.

-Хуулийн төслийн нэг бүлэгт ил тод байдлын талаар тусгасан гэхээр хангалттай төвшинд байж чадах уу?

-Хангалтгүй. 2015 онд УИХ-д өргөн барьсан Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөлд тайлагналын хэсгээс гадна энэ ажлыг явуулахад бүтэц зохион байгуулалтын асуудлыг тусгаж өгсөн байсан юм. Гэтэл Уул уурхайн хуулийн төсөлд зөвхөн тайлагнах хэсэг нь ороод бүтэц зохион байгуулалтыг орхигдуулсан байна лээ. 2015 оны УИХ-ын чуулганы үеэр “Хувийн хэвшлийнхэнд хэт дарамт үзүүлнэ. Зөвхөн ил тод байдлын хүрээнд 11 тайлан гаргахаар төсөөлөгдөж байна. Компаниуд тайлан гаргасаар байгаад үндсэн ажлаа хийж чадахгүйд хүрэх юм байна” гэсэн саналтай гишүүд ч байсан.

Гэтэл нөгөө хэсэг нь “Үгүй ээ, энэ бол заавал байх ёстой зүйл. Тэр битгий хэл ил тод байдал гэдэг үг, хэллэгийг амьдралд нийцсэн байдлаар шинэчлэх хэрэгтэй* гэсэн саналтай гишүүд ч байсан.

-Гаднын улс орны компаниуд тайлангаа сайн дурын үндсэн дээр гаргаж өгдөг үү. Эсвэл хуулиараа заавал гаргаж өгөхийг шаарддаг юм болов уу?

-Янз бүр. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг дэлхийн 50 гаруй улс орнуудад хэрэгжүүлж байна. Эдгээр улс орон бүр өөр өөрийн онцлогт тохируулж  хэрэгжүүлдэг. Жишээлбэл, АНУ гэхэд анх ил тод байдлын санаачилгыг эхлүүлэхдээ хөрөнгийн биржээс хөрөнгө босгодог компаниуд л тайлангаа тайлагнана гэж хууль баталсан. Гэтэл саяхнаас тайлангаа заавал өгөх шаардлагагүй болгосон.

Либер Улсын хувьд тусгайлсан хуультай. Филиппин Улс гэхэд уул уурхайн компаниуд тайлан гаргахаас гадна уул уурхайн үйл ажиллагаанд нь аудит хийдэг. Энэ мэтчилэн улс орон бүр өөр өөр. Манай улсын хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт дөрвөн хуулийн хүрээнд тайлан гаргахыг үүрэг болгосон. Үүнд Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж ажилладаг. Гэтэл зарим нэг компаниуд одоо мөрдөгдөж байгаа хуулийн “цоорхойг” далимдуулж тайлан гаргаж өгөхөөс татгалздаг.

-Хуулийн төсөлд 11 төрлийн мэдээлэл тайлагнах ёстой гэхээр УИХ-ын гишүүдийн хэлсэнчлэн хувийн хэвшлийнхэнд дарамт үзүүлэх юм биш үү?

-Тодорхой хэмжээний дарамт болохыг хүлээн зөвшөөрнө. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” зэрэг томоохон компаниудад хүндрэлтэй тусахыг үгүйсгэхгүй. Энэ үүднээс тайланг цахимаар хүлээж авдаг болсон.Харин ганц, нэгхэн төлбөртэй компанийн хувьд ямар ч дарамт болохгүй.

Хамгийн гол нь энд нэг дутагдалтай зүйл нь тайлан шивэхдээ хариуцлагын захидлыг хавсаргах ёстой атал компаниудын олонх нь үүнийг хавсаргахаас зайлсхийдэг. Өөрөөр хэлбэл, “Тайланг үнэн зөв гаргасан болно. Хэрвээ худал гаргавал хуулийн өмнө хариуцлага хүлээнэ” гэсэн албан бичиг маягийн зүйл. Яг тийм үг үсэгтэй албан тоот хавсаргасан эсэхийг системээр хянаж болдоггүй.

-Компаниудын өгсөн тайлан, танай аудиторуудын хийсэн шалгалттай хэр таардаг вэ. Зөрүү гарах үе байдаг уу?

-Зөрүү гарах нь сүүлийн жилүүдэд харьцангуй багассан. Тайлбарлагдаагүй зөрүү гэдэг зүйл яригддаг. Энэ нь бодит шалтгаантай юм билээ. Учир нь бэлэн мөнгөний суурь, аккурэль суурь хоёрын хооронд зөрүү гарахаас гадна компаниуд өөрсдийн төлбөрийг буруу ангилдаг зэргээр ойлголцлын төвшинд үүсдэг асуудлууд бий. Түүнчлэн жил бүрийн тайлан гаргахдаа тухайн компанид “Тайлбар өгөөч ээ. Зөрүү гарлаа” гэсэн хүсэлт явуулахаар огт хариу өгдөггүй. Жишээлбэл, 2017 оны гуравдугаар сард тайлангаа шивснээс хойш ямар ч хариу өгөөгүй найман компани бий. Албан бичиг явуулахаар огт хариу өгдөггүй.

-Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг сайжруулсны давуу тал нь аж ахуйн нэгжүүд  татвараас зугтах, орлогоо нуун дарагдуулдаг асуудлыг ил болгоход дөхөмтэй юм болов уу гэж харагддаг.

-Тэгэлгүй яах вэ. Аудитор дүгнэлт үйлдэхдээ эрсдэлийн үнэлгээ хийдэг гэдэг утгаараа тайлан бодит байдалтай уялддаг. Нөгөөтээгүүр татварын өртэй компаниудыг ил тод болгох ёстой. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар татварын өртэй компаниудыг өршөөсөн дөө. Уг нь энэ асуудлыг багагүй цэгцэллээ гэж бодтол асуудал дуусаагүй юм байна. Татварын ерөнхий газраас “Өртэй хэчнээн компани байна вэ. Нэрийг нь хэлээд өгөөч” гэхээр “Компанийн хувийн нууцлалтай холбоотой учир нэр цохож зарлах боломжгүй. Харин нийт өрийн дүнг хэлж болно” гэдэг.

-Ингэхээр танай үндсэн чиглэлтэй харшлах юм биш үү?

-Тэгэлгүй яах вэ. Тиймдээ ч Европын холбооноос татварын ил тод байдал хангалтгүй улс орны жагсаалтыг гаргасны тоонд манай улс багтсан. Энэ нь нэг талаасаа манай улсад егсөн анхааруулга юм болов уу гэж харагдсан.

-Татвараас зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Каплад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өршөөл үзүүлсэн. Жастин Каплаг татвар төлсөн, төлөөгүй гэж олон янзаар ярьдаг. Танайд ирүүлсэн тайланд ямар мэдээ тусгасан байсан бэ. Нөгөөтээгүүр үүн шиг татвараас зайлсхийсэн гаднын хэчнээн компани байдаг талаар мэдээлэл танайд бүртгэгдсэн үү?

-“Саусгоби сэнд” компанийн хувьд 2007-2016 оны хооронд улс, орон нутгийн нийт төсөвт 218 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлсөн юм билээ. Манайд татварын маргаантай мэдээлэл бүртгэгддэггүй. Тиймээс мэдээллийн сандаа оруулах талаарх хүсэлтээ Сангийн яам, Татварын ерөнхий газарт явуулахад мөн л “Нэр цохох боломжгүй. Харин нэгдсэн нэг дүн өгөх боломжтой” гэж мэдэгдсэн.

-Татвараас зугтсан компаниуд байдаг гэж та хэлсэн. Ямар ямар компаниуд гэдгийг нь хэлэх боломжтой юу?

-Нэр цохож хэлнэ гэхээр дахиад л Татварын ерөнхий газраас ирүүлсэн хариуг хэлэхээс өөр аргагүй. Тэдний зүгээс хэлэхдээ ийм компаниуд бий. Гэхдээ нэр цохохгүй гэдэг. Хоёрдугаарт, практик дээр харагддаг л даа. Бэлэн мөнгө, аккурэль зарчмаар өр, авлагыг зөвшөөрдөг. Энэ утгаараа өрөө төлөх хугацааг хойшлуулах боломжийг олгодог юм. Гэтэл зарим компаниуд энэ боломжийг эсрэгээр нь ашиглаж байна уу гэсэн хардлага төрдөг.

-Ашиг хүртэгч эцсийн эздийг ил болгох асуудал сүүлийн үед хурцаар яригдаж байна. Танайхаас энэ тал дээр ажиллаж байгаа гэсэн. Ажлын үр дүнгээс танилцуулах боломжтой юу?

-Ашиг хүртэгч эцсийн эздийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр гэхэд ил болгохоор ажиллаж байна. Тэр болтол бидний зүгээс холбогдох хууль, эрхзүйн орчинг бий болгох үүрэг хүлээсэн. Эхний удаадаа нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг ил болгож байна. Жишээлбэл, 2016 оны тайланд тусгаснаар “Алтан дорнод” компанийн нийт хувьцааны 85 хувийг М.Цогтгэрэл, 10 хувийг нь Идэр, таван хувийг Ариунболд эзэмшдэг гэх зэргээр нийт 47 компанийн мэдээллийг цуглуулсан. Уг нь 2f3 компани оролцох ёстой ,байсан ч даанч 47 нь мэдээллээ ирүүлсэн. Ингэхээр ашиг хүртэгч эцсийн эздийг тодруулах тийм ч амар ажил биш болох нь харагдах байх.

-Олон нийтэд хэзээ танилцуулах вэ?

-Энэ сарын 21-ны өдөр Үндэсний зөвлөлөөр хэлэлцэж, батлаад олон нийтэд мэдээлнэ.

-Энд нөлөө бүхий хувьдаа эзэмшигчдийн мэдээллийг багтаасан юм байна. Гэхдээ ашиг хүртэгч эцсийн эзэн мөн эсэхийг яаж мэдэх юм бэ?

-Үүнийг л тодруулахын тулд бид ажиллаж байна. 2020 он гэхэд тодорхой хэмжээний үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа.

-Жишиг таван сум байгуулахаар ажиллаж байгаа гэсэн. Ингэх нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Биднийг нийслэлд албан тасалгаанд суучхаад уул уурхай ярьдаг гэж шүүмжилдэг. Уг нь тийм биш шүү дээ. Үүнийг баталсан, хөрсөн дээрээ буусан ажлын нэг нь жишиг таван сум байгуулахаар ажиллаж байгаа явдал юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт сумын 200 гаруйд нь уул уурхайн чиглэлээр олборлолт явуулж байна. Энэ бүгдэд хүрч ажиллах боломж хомс учир тус бүрдээ онцлогтой таван сумыг сонгож жишиг сум байгуулахаар болсон юм.

Заамар суманд сүүлийн 20 гаруй жил алт олборлолт явагдсанаас болж байгаль орчин ихээр сүйдсэн. Мөн нүүрсээр дагнасан Гурвантэс, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт түшиглэдэг Бор-Өндөр хот болон Ерөө, Дэлгэрэх сумуудыг сонгож авсан. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанийг хариуцлагатай ажиллахад нутгийн захиргааны байгууллагын удирдлага болон иргэд, малчдаас бүрдсэн баг хяналт тавих юм.

Зөвхөн хяналт тавиад зогсохгүй хамтарч ажиллах зөв шийдлийг олох нь маш чухал.Жишээлбэл, I Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг компаниуд орон нутгийн иргэдтэй хэрхэн хамтарч ажиллах вэ, иргэдийн ахуй амьдралыг сайжруулахын төлөө юу хийх боломжтой вэ гэдгээс эхлээд зөв шийдлийг олоход төслийн гол зорилго оршиж байгаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд