"Ашиг хүртэгч эздийн ил тод байдал" сэдэвт хувийн хэвшилтэй зөвлөлдөх уулзалт боллоо

Уул уурхайн компаниудын эцсийн ашиг хүртэгч эзэд хэн бэ?

Энэ асуултанд хариулахаар тус санаачилга 2013 оноос ажиллаж буй. Олон улсын стандартаар ОҮИТБС-ын гишүүн 51 улс орон 2020 оны 1 сарын 1 гэхэд уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудын эцсийн эздийг нээлттэй бүртгэдэг болох юм. Монгол улс энэ хүрээнд “Эрдэс баялгийн салбарт ашиг хүртэгч эцсийн эздийг ил болгох” 2020 он хүртэлх төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй. ОҮИТБС-ын жил бүрийн нэгтгэлийн тайлангаар 2013 оноос хойш 200 гаруй компаниуд сайн дураар эзэмшлийн мэдээллээ тайлагнаад буй.

 

Түүнчлэн www.burtgel.gov.mn сайтаас хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нарын мэдээллийг нээлттэй харж болох ч эцсийн өмчлөгч мөн эсэхийг баталгаажуулах, улс төрд нөлөө бүхий эсэхийг илрүүлэхэд олон талын хүчин чармайлт, хамтын ажиллагаа шаардлагатай. Энэ асуудлаар ОҮИТБС-ынхан хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй 12 дугаар сарын 11-ний өдөр нэгэн зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Зөвлөгөөний үеэр сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнөж, Ил тод байдал сан ТББ-аас нээлттэй өгөгдөл мэдээллийг олон талын эх сурвалжаас ашиглан хэрхэн ашиг хүртэгч эцсийн эздийг эрэн сурвалжилж, мэдээллийн платформ үүсгэснээ танилцуулсан юм. www.iltodezen.mn сайтаас дэлгэрэнгүйг сонирхоорой. Мөн Татварын ерөнхий газар, Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв зэрэг байгууллагууд мэдээллийг цааш баталгаажуулах чиглэлээр чадавхийг бэхжүүлэх, ил болсон мэдээллийг ашиглах арга зүйг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаараа илэрхийлсэн.

 

Эцсийн дүндээ ил болсон өмчлөгчдийн мэдээллийг ашиглан тусгай зөвшөөрөл олголт дахь авилгын эрсдэлийг бууруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах гэх зэрэг томоохон үр дүнд чиглэж ажиллахад олон талын хамтын ажиллагаа шаардлагатайг оролцогчид онцолсон юм.

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com